"Алтан хараацай"
Алтан хараацай нисэхийг би харах дуртай. Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, нар тунгалаг байвал тэд өдөржин нисдэг юм. Тэдний нисэх нь бусад шувуудын хаас огт ондоо, ер бусын, далд нууцлаг. Хаа нэгтээгээс дүүлэн нисэж, тэнгэрт гараад тэрүүхэндээ тойрон эргэн, шумбан сэлэн, сүлжилдэн ниснэ. Нисэх нь тэдний цэнгэл. Тэд нисэн цэнгэхийн тулд л агаарт гардаг. Тэнгэр сайхан байгаа нь тэдэнд жаргал. Жаргал гэдэг ямагт одоо цаг гэдгийг тэд их эрт ухаарсан мэт, ерөөсөө тэгж боддог мэт.
2006 он
Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр
Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит богино өгүүллэгийн “Шувуун саарал” наадмын Тэргүүн байрын шагналт өгүүллэгийн хэсгээс...
No comments:
Post a Comment