2011-09-25

Миний ууж баралгүй орхисон цор ганц дарс бол бүсгүй хүн... /Данзангийн Нямсүрэн/ “Эрээнцавын” хэмээх Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн

Амитава

Яаж би Амитаба шиг
хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг
чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг
хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг
хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг
газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг
есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би Амитаба шиг
уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Ээ Амитаба ...


Яаж би Амитаба шиг
шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би Амитаба шиг
модны навчис унахыг зүүдээ гэж санах вэ?
Яаж би Амитаба шиг
морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би Амитаба шиг
эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би Амитаба шиг
нэгэн сайхан аялгуу нэгэн энэ биеэрээ болох вэ?
Яаж би Амитаба шиг
үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би Амитаба шиг
үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би Амитаба шиг
нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би Амитаба шиг
өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би Амитаба шиг
үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би Амитаба шиг
үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би Амитаба шиг
дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?
Яаж би Амитаба шиг
дэргэдээн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?
Яаж би Амитаба шиг
нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би Амитаба шиг
нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би Амитаба шиг
оргүй хоосон – алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би Амитаба шиг
он цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх
Яаж би ...

PS: "AMITABA" is means Buddha Amitaba, or a God

No comments:

Post a Comment