Эрт цагт жигүүртний хаан Хангарьд: Ертөнц дээр юуны мах хамгийн амттайг мэдээд ир гэж зөгий хараацай хоёрт зарлиг буулгаж гэнэ. Зөгий, хараацай хааныхаа зарлигийг гүйцэтгэхээр нисэн оджээ. Гэвч хараацай, амьтан болгоныг хазаж хатгах вий гэж зүрхшээн, яах учраа ололгүй хий л ийш тийш элэн халин нисэж явж гэнэ. Харин зөгий амьтан болгоныг хатгаж үзжээ.
Оройхон тийшээ буцах болсонд хараацай: За зөгий хамгийн амттай нь юуны мах байна вэ? Мэдэж чадав уу? гэж асуужээ. Мэдэж чадсан. Хангарьд гуайн зооглоход хүний мах л их амттай юм байна гэхийг хараацай сонсмогц хөөрхий хүн төрөлхтөнг энэ аюулаас яаж аврах билээ гэж бодсоноо: Би ядраад байна, жаахан амсхийе гээд зөгийтэй хамт модны мөчир дээр суугаад: Чи хануур хэлээ над нэг үзүүлэхгүй юу? Би чиний хэлийг ер үзээгүй юм байна гэсэнд зөгий хэлээ гapгaв. Хараацай ганц дайраад хурц хошуугаараа зөгийн хэлийг тас хазчихаж гэнэ. Зөгий уурлаад Хангарьдад хэлэхээр нисэхэд хараацай даган явжээ. Зөгий очоод хий л дүнгэнээд байхад хангарьд юу ч ойлгосонгүй учир ихэд уурлаж, чи цаашаа бай. Аль вэ хараацай чи хэл гэсэнд: Хаантан минь могойн мах л хамгийн амттай юм. Нэг л амттай салахын аргагүй, өөр юу ч идэх дургүй болох юм.
Зөгий маань могойн мах идэх гэж байгаад хэлээ сугалуулчихаад ингэж дүнгэнэдэг болчихлоо гэжээ. Хангарьд хараацайн үгэнд итгэж могойг барьж идэх болжээ.
Одоо хангарьдын төрөл угсаатнаас ганц бүргэд л үлджээ. Бүргэд могойг үзвэл дор нь шүүрч барьж иддэг гэнэ. Энэ цагаас хараацай хүний гэр хашаа саравчинд өндөглөдөг болж хүмүүс түүний өндөг үүрийг эвддэггүй хайрладаг болсон ажээ. Мөн зөгий хараацайд хэлээ сугалуулснаас хойш үүрд дүнгэнэсэн дуутай болжээ.
No comments:
Post a Comment